2011-09-08

ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

 1  Цахилгаан гүйдлийн хүний организмд нөлөөлөх нөлөөлөл

1.  Цахилгаан гүйдлийн хүний организмд нөлөөлөх нөлөөлөл
Цахилгаан гүйдэл хүний организмд аюултай болохыг 18 дугаар зууны сүүлчийн 25 жилд цахилгаан химийн өндөр хүчдэлийн үүсгүүрийг зохион бүтээгч В.В.Петров анх тогтоожээ. 1863 онд тогтмол гүйдлийн, 1882 онд хувьсах гүйдлийн цахилгааны ослыг тус тус бүртгэжээ.
Цахилгааны осол гэж цахилгаан гүйдэл, эсвэл цахилгаан нумын үйлчлэлээр үүссэн ослыг хэлнэ. Цахилгааны ослын онцлог нь цахилгаан гүйдэл, хүчдэлийн аюулыг хүний организм зайнаас мэдэрч тодорхойлох чадваргүй зөвхөн хүчдэлд өртөж гүйдэл дамжсан хойно нь буюу осолд орсон даруйд аюулыг мэдрэх явдал юм. Цахилгааны осол үйлдвэрлэлд гарсан нийт ослын дотор 4-5 хувийг эзэлдэг боловч ихэвчлэн хүнд, амь үрэгдүүлсэн осол байдгаараа бусад ослоос онцлог юм. Хүн цахилгаан гүйдэлд дараах шалтганы улмаас өртдөг. Үүнд :
·         Гүйдэл дамжуулах нүцгэн хэсэгт хүрэх
·         Тоног төхөөрөмжийн тусгаарлал гэмтсэний улмаас хүчдэлтэй болсон металл хэсэгт хүрэх
·         Хүчдэлтэй болсон металл биш хэсэгт хүрэх
·         Алхамын хүчдэлд өртөх
·         Цахилгаан нумын гүйдэлд хүрэх
Цахилгаан гүйдэл хүний организмаар дамжиж өнгөрөхдөө биологийн, дулааны, механикийн, химийн үйлчлэлүүд нь хүний организмд асар их хор учруулдаг.  Биологийн үйлчлэл нь цахилгаан гүйдлийн улмаас хүний организмын амьд эд эс, булчин цочирч, хэвийн үйл ажиллагаа алдагдахыг хэлнэ.  Дулааны үйлчлэл нь биеийн зарим хэсэг, мэдрэлийн эд эсүүд халах, түлэгдэх, нүүрсжих зэргээр илэрдэг. Механик үйлчлэл нь мэдрэлийн судал, судас, арьс тасарч язрах, үе мултрах, яс хугарах зэрэг юм. Харин химийн үйлчлэл хүний цусанд өөрчлөлт орсноор илэрдэг.
Цахилгаан гүйдэл болон цахилгаан нумын үйлчлэлээр организмын эд эсүүд гэмтэж, бэртэхийг цахилгааны гэмтэл гэх ба цахилгаан гэмтэл нь түлэгдэлт, цахилгаан тэмдэг үүсэх, арьс металлжих, механик гэмтэл гэсэн хэлбэртэй байна.
o   Цахилгаан түлэгдэлт нь хүний биеэр 1 ампераас илүү хүчтэй гүйдэл дамжсан үед биеийн эдийн халалтаас үүсдэг. Түлэгдэлт нь арьсны гадаргууг гэмтээсэн гадаргын, биеийн эдийн дотоод хэсгийг гэмтээсэн гүний, мөн үүссэн нөхцлөөрөө нумын, гүйдлийн, хосолсон түлэгдэлт гэж байдаг.
o   Цахилгаан тэмдэг үүсэх гэдэг нь цахилгаан гүйдэлд өртсөн хүний арьсны гадаргуу дээр саарал, эсвэл бүрэг шар өнгийн дугуй, эсвэл зууван хэлбэртэй 1-5 мм хэмжээтэй толбо үүсдэг. Зарим тохиолдолд шарх, маажуулсан буюу зүсэгдсэн юм шиг, эсвэл аянгын хэлбэртэй ч байдаг. Цахилгаан тэмдэг нь өвчин зовиур-гүй бөгөөд яваандаа арилна.
o   Арьс цахилгаанаар металлжих гэдэг нь цахилгаан нумын нөлөөгөөр үүссэн металлын ууршсан эгэл хэсгүүд хүний арьсны гадаргууд үйлчилж уг металлын өнгөөр нэвчихийг хэлнэ. Арьс металлжих нь бага зэрэг зовиуртай боловч аюулгүй, яваандаа эдгэрч арилдаг. Харин нүд ингэж металлжих нь аюултай юм. Тийм учраас цахилгаан тоног төхөөрөмж дээр ажилладаг ажилтан нүдний хамгаалах шил хийх шаардлагатай.
o   Механик гэмтэл нь цахилгаан гүйдлийн нөлөөгөөр бүлчин огцом агшиж арьс язрах, задрах, судас, мэдрэлийн судал тасрах, үе мултрах, яс хугарах зэрэг механик гэмтэл үүсэх явдал юм. Мөн цахилгаан нумын ультра ягаан туяаны нөлөөгөөр нүд өрөвсөх явдал элбэг тохиолддог.
Цахилгаанд цохиулах гэдэг нь цахилгаан гүйдлийн нөлөөгөөр амьд эд цочирч булчин өөрийн эрхгүй татвалзан агших улмаар зүрх, уушиг, төв мэдрэлийн систем зэрэг эрхтэн, системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж бүх организм аюулд учрахыг хэлнэ.
Хувьсах ба тогтмол гүйдэл хүний органзмд хэрхэн нөлөөлдгийг Хүснэгт 2-т харуулав.

Хүснэгт 2. Хувьсах ба тогтмол гүйдлийн нөлөөлөл

Гүйдэл мА
Нөлөөлөл
0,6-1,5
Чичигнэх төдий үл мэдэгдэх
2-4
Гарыг салгалуулна
5-7
Мөр хүртэл өвдөнө, халах төдий болно
8-10
Хэцүү боловч гар сална, халалт нь нэмэгдэнэ.
10-15
Гар салахгүй, халалт нэмэгдэнэ.
15-25
Гар мэдээгүй болно, улам хална.
25-50
Цээж өвдөж, амьсгал хүндрэнэ. Гар салахад ялимгүй өвдөнө.
50-80
Зүрхний үйл ажиллагаа өөрчлөгдөнө. Амьсгал хүндрэнэ.
100
2-3 сек зүрхний фибриляц үүснэ. Амьсгал мэдэгдэхгүй.

Цахилгаанд цохиулахыг түүний хүнд, хөнгөний байдлаар дараах 5 зэрэгт ангилж болно. Үүнд :
·         Булчингийн мэдрэгдэх төдий таталдсан агшинт
·         Ухаан алдсан боловч тэсвэрлэхэд бэрх өвдөлт үүсэх булчингийн таталдсан агшинт
·         Амьсгал, зүрхний үйл ажиллагаа хадгалагдах боловч ухаан алдах бүлчингийн таталдсан агшилт
·         Амьсгал, зүрхний үйл ажиллагаа алдагдаж ухаан алдах
·        Клиникийн үхэл. Энэ нь амьдралаас үхэхэд шилжих шилжилтийн үе юм. Клиник үхлийн шинж тэмдэг нь амьсгал зогссоноос тархины бор давхарга хүчил төрөгчийн дутагдалд орж, хүүхэн хараа эрс томрон гэрэл мэдрэхгүй, зүрх зогссон буюу зүрхний фибрилляц болсноос судас лугшихаа болино. Энэ байдал 6-8 минут үргэлжлэх ба уг хугацаа дуусахад тархины бор давхрагын эс үхэн амьдрал замхарч биологийн эргэшгүй үхэлд хүргэнэ. Зүрхний фибрилляц гэдэг нь цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас зүрхний цохилтын хэвийн хэмнэл алдагдаж зүрхний булчингийн олон ширхэгийн эмх замбараагүй давтагдан таталдсан байдалд орохыг хэлнэ. Ийм таталтын давтамж нь минутад 500-700 удаа байдаг ба хэвийн хэмнэлийнхээс даруй 10 гаруй дахин ихэсч цус шахахаа болино. Энэ нь үхэлд хүргэнэ.
Цахилгаан дамжуулах ба хэт өндөр хүчдэлийн шугам нь түүний үйлчилж байгаа хүнд ямар нэгэн хэмжээгээр эрүүл мэндэд нь нөлөөлнө. Хэт өндөр хүчдэлийн шугамтай байнга ажилладаг хүн хэдэн сарын дараа түүний төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа, зүрх судасны систем, цусанд өөрчлөлт орох, ядрах зэрэг өвчлөлд өртдөг. 

13. 2  Цахилгаан ослын хүндрэлд нөлөөлөх хүчин зүйлүүд

Цахилгааны ослын хүндрэл нь гүйдлийн хүч, гүйдлийн үйлчлэх хугацаа, хүний биеийн цахилгаан эсэргүүцэл, гүйдэл дамжсан зам, гүйдлийн давтамж, гүйдлийн төрөл, хувь хүний онцлог, хүрээлэн байгаа орчин зүйл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг Үүнд:
            1. Гүйдлийн хүч. Хүн цахилгаан гүйдэлд өртсөнөөс осолдох үндсэн хүчин зүйл нь хүний биеэр дамжсан гүйдлийн хүч юм. Гүйдлийн хүч өссөнөөр сөрөг нөлөөллийн зэрэг буюу аюул улам ихэснэ. Гүйдлийн хүчний организмд сөргөөр нөлөөлөх байдлын талаар ОХУ, АНУ, Герман болон бусад олон улсын эрдэмтэд өргөн судалгаа явуулдаг боловч нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүй байна. Хүний биеэр дамжих гүйдлийг дараах байдлаар ерөнхийд нь ангилдаг. Үүнд :
·         Мэдрэгдэх гүйдэл. Хүний биеэр дамжиж мэдрэгдэх хэмжээний цочрол үүсэж байгаа гүйдлийг мэдрэгдэх гүйдэл гэх бөгөөд энэ гүйдлийн хамгийн бага утгыг мэдрэх гүйдлийн босго гэнэ.
·         Зуурах  гүйдэл. Хүний  биеэр  дамжихдаа   гартаа барьсан электродоос өөрөө чөлөөлөгдөж чадахааргүй болгосон гарын булчингийн таталдсан агшилт үүсэж байгаа гүйдлийг зуурах гүйдэл гэх бөгөөд энэ гүйдлийн хамгийн бага утгыг зуурах гүйдлийн босго гэнэ.
·         Фибрилляцийн гүйдэл. Хүний биеэр дамжиж зүрхний фибрилляц үүсгэх  гүйдлийг фибрилляцийн гүйдэл гэх бөгөөд энэ гүйдлийн хамгийн бага утгыг фибрилляцийн гүйдлийн босго гэнэ.
Гадаадын эрдэмтдийн судалгаанаас үзэхэд 50 Гц-ийн давтамжтай 5А-аас их хувьсах гүйдэл зүрхийг шууд зогсоох ба фибрилляцид оруулдаггүй онцлогтой. Хэрэв гүйдлийн халаах, түлэх зэрэг үйлчлэлээр зүрх гэмтээгүй, гүйдэл богино хугацаанд (1-2 сек) үйлчилсэн бол хүнийг гүйдлээс чөлөөлсний дараа зүрхний хэвийн ажиллагаа аяндаа сэргэдэг.
            2. Гүйдлийн үйлчлэх хугацаа. Цахилгааны осолд хийсэн судалгаа, шинжилгээгээр цахилгаан гүйдэл дамжсан хугацаа нэмэгдэхэд гүйдлийн хүч улам ихэсдэг болох нь тогтоогдсон байна. Орчин үед цахилгаан гүйдлийн аюулын түгээмэл хэрэглэгдэж байгаа хязгаар нь 3 секундийн хугацаатай 100мА-ийн гүйдэл юм. Гэхдээ гүйдлийн үйлчлэх хугацааг багасгавал дээрхээс харьцангуй их гүйдлийг аюулгүй гүйдэлд тооцож болно. Ийм учраас хүний аюулгүй ажиллагааг хангахын тулд зөвхөн гүйдлийг таслаад зогсохгүй, таслах хугацааг эрс хязгаарласнаар хүний биеэр дамжих гүйдлийг аюул багатай байлгах боломжтой юм.
            3. Хүний биеийн цахилгаан эсэргүүцэл. Хүний биеийн цахилгаан эсэргүүцэл нь хүний биеийн эд, арьсны бүтэц, байдал, бохирдолт, цахилгаан сүлжээний параметр, физиологийн болон хүрээлэн байгаа орчны хүчин зүйл гэх мэт олон зүйлээс хамаарна. Хүний биеийн цахилгаан эсэргүүцэл нь хүн бүрийн хувьд адилгүйгээр зогсохгүй нэг хүний хувьд янз бүрийн нөхцөл, цаг хугацаанд ч өөрчлөгдөж байдаг. Цахилгаан гүйдэл хүний биеийн хамгийн бага эсэргүүцэлтэй газраар, геометрийн хувьд хамгийн богино замаар дамжина. Энэ нь хүний биеийн янз бүрийн эд өөр өөр хувийн эсэргүүцэлтэй байдагтай холбоотой. Тухайлбал,  50 Гц-ийн давтамжтай гүйдэлтэй үед хувийн эсэргүүцэл нь:
            Хуурай арьс                          3 *103 – 2*104 Ом *м
Яс                                       104 – 2*106 Ом *м
Өөхний эд                           30 – 60 Ом * м
            Булчингийн эд                    1.5 – 3 Ом * м
            Цус                                     1 – 2 Ом*м
            Тархи, нугасны шингэн 0.5 – 0.6 Ом*м   байдаг.
Хүний биеийн бүрэн эсэргүүцэл гурван хэсгээс бүрддэг. Үүнд: арьсны, дотоод,  эдийн эсэргүүцэл. Ер нь хүний биеийн эсэргүүцэл нь арьсны чанараас хамаарахаас гадна биеийн эрүүл мэндийн болон сэтгэл санааны байдлаас ихээхэн хамаарна. Мөн хүний биед үйлчилсэн хүчдэл нэмэгдвэл арьсны гадарга нэвт цохигдсоны улмаас биеийн эсэргүүцэл улам багасч дотоод эсэргүүцэлтэй тэнцүү (300-500 Ом) болно. Инженерийн практикт хүний биеийн багтаамжийг тооцохгүй, зөвхөн актив эсэргүүцлийг Rh= 1000 Ом гэж тооцдог.
            4. Гүйдэл дамжсан зам. Цахилгааны осолд хийсэн туршилт, судалгаанаас үзэхэд гүйдэл дамжсан зам нь ослын хүндрэлийн байдалд чухал нөлөөтэй. Хүний биеэр цахилгаан гүйдэл дамжих боломжтой олон зам байдгаас бүх цахилгааны ослын 40 % нь гар-гар, 20 % нь баруун гар-хөл, 17 % нь зүүн гар- хөл, 6 % нь хөл-хөл, 5 % нь толгой-хөл, 4 % нь толгой-гар, 8 % нь бусад замд тус тус ноогдож байна. Эдгээр замуудаас тархи, нугас дайрсан толгой-хөл, толгой-гар, мөн зүрх, уушиг дайрсан гар-гар, гар-хөл замууд харьцангүй их аюултай юм.
            5. Гүйдлийн давтамж. Хувьсах гүйдлийн давтамж 50-60 Гц үед гүйдэл организмд аюултай үйлчилдэг бөгөөд гүйдлийн давтамж 450-500 кГц, түүнээс их болоход халаах, түлэх үйлчлэл нь хэвээр үлддэгч гэсэн уушиг, зүрхний үйл ажиллагааг зогсоож үхэлд хүргэх нөлөө нь бараг үгүй болдог онцлогтой.
            6. Гүйдлийн төрөл. Тогтмол гүйдэл нь 50 Гц давтамжтай хувьсах гүйдлээс харьцангуй аюул багатай. Тогтмол гүйдлийн нөлөөллөөр үүсэх булчингийн агшилт, үзүүлэх нөлөөлөл нь харьцангүй сул байдаг. Гэхдээ энэ байдал нь 400 В хүртэл хүчдэлд хадгалагдах ба 500-550 В-оос дээш хүчдэлд хувьсах гүйдлийн аюул харьцангуй бага болдог.
            7. Хувь хүний онцлог. Ядарсан, өвчилсөн, ялангуяа арьс, зүрх судасны систем, дотоод шүүрлийн тогтолцооны эрхтэн, уушиг, мэдрэлийн өвчнөөр өвчилсөн хүн цахилгаан гүйдэлд илүү мэдрэмтгий, өртөмтгий байдаг бол эрүүл, чийрэг хүн цахилгаан гүйдлийг илүү тэсвэрлэдэг. Хүн цахилгаан гүйдэлд санамсаргүй цохиулах нь анхаарал тогтож төвлөрсөн үеийнхээс харьцангуй аюултай.
            8. Хүрээлэн буй орчны хүчин зүйл. Ослын хүндэрлийн байдалд агаарын температур, чийг ихсэхэд хүний биеийн эсэргүүцэл багасаад зогсохгүй организмын цахилгаан гүйдэл эсэргүүцэх чадвар буурдаг. Агаарын даралт буурвал аюул ихэснэ. Мөн агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурах, нүүрсхүчлийн  хэмжээ нэмэгдэхэд цахилгааны аюул их болдог.
Хүн цахилгаан гүйдэлд өртөх аюулын зэргээр нь ажлын нөхцлийг аюултай, онцгой аюултай, аюул багатай нөхцөл гэж хувуудаг. Үүнд :
1. Хүн цахилгаан гүйдэлд өртөх аюултай нөхцөл
·        Жижиг дусал хэлбэртэй конденсацлагдсан чийг, эсвэл уур үүсгэдэг, агаарын харьцангуй чийг нь 75 % - иас хэтэрсэн чийгтэй нөхцөл
·        Технологийн болон бусад тоос машин, аппаратын дотор нэвтрэн орж, эсвэл цахилгаан дамжуулагч дээр сууж хуримтлагдан цахилгаан тоног төхөөрөмжийн хөрөх нөхцлийг муутгадаг боловч галын болон тэсрэх аюул үүсгэдэггүй, гүйдэл дамжуулдаг тоостой нөхцөл
·        Металл, газрын  хөрс, төмөр бетон, тоосго зэрэг гүйдэл дамжуулдаг шал, суурьтай нөхцөл
·        Жилийн улирлаас үл хамааран янз бүрийн  дулааны цацрагийн нөлөөгөөр агаарын температур байнга + 350С – аас ихэсч заримдаа         + 400С хүрдэг өндөр температуртай нөхцөл
·        Нэг талаас машин, механизм, технологийн аппарат, барилга байгууламжийн газартай холбогдсон металл хийцүүд, нөгөө талаас цахилгаан тоног төхөөрөмжийн металл их биед хүн нэг зэрэг хүрэх боломжтой нөхцөл
2. Хүн цахилгаан гүйдэлд өртөх онцгой аюултай нөхцөл
·        Цастай, бороотой, эсвэл үйлдвэрлэлийн байран доторх эд юмс, хана, шал, тааз чийгээр бүрхэгдэж хөлөрдөг онцгой чийгтэй нөхцөл
·        Цахилгаан тоног төхөөрөмжийн тусгаарлал, гүйдэл дамжуулах хэсгийг эвдэж гэмтээх үйлчилгээтэй хучилт, хөгц үүсгэдэг хорт чанартай уур, хий, шингэн байнга, эсвэл удаан хугацаанд үүсч байдаг химийн идэвхтэй орчин бүхий нөхцөл
·        Аюултай  нөхцлийн  2, түүнээс  дээш нөхцөл нэгэн зэрэг биелсэн нөхцөл
3.    Хүн цахилгаан гүйдэлд өртөх аюул багатай нөхцөл
Энэ нь аюултай болон онцгой аюултай нөхцлийг бүрдүүлээгүй бусад нөхцлүүд юм.

13. 3  Цахилгааны аюулгүй ажиллагаа

Цахилгааны аюулгүй байдлыг MNS 5150:2002 “Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй. Цахилгааны аюулгүй ажиллагаа. Ерөнхий шаардлага” стандартаар батлаж өгсөн ба энэ стандарт хүний биед цахилгаан гүйдэл, цахилгаан нум, цахилгаан соронзон орны үзүүлэх хортой ба аюултай үйлчлэлээс урьдчилан сэргийлэх ерөнхий шаардлагыг тогтооно.
Цахилгааны аюулгүй ажиллагаа нь дараах үндсэн арга хэмжээнүүдээр хангагдана. Үүнд:
  1. Цахилгаан багаж,  тоног төхөөрөмжийн хийц
    1. Гүйдэл дамжуулагч нь давхар тусгаарлагчтай байх.
    2. Цахилгаан сүлжээнээс амархан салгагддаг, залгагддаг байх .
    3. Багаж нь өөрөө залгагдаж салгагдах нөхцөлгүй байх.
    4. Утас ба кабелийг халуун нойтон ба тостой гадаргуу болон биеттэй шууд шүргэлцэн хүргэхгүй байх.
  2. Хамгаалах хэрэгсэл ба цахилгаан багаж ба зөөврийн цахилгаан машин ашиглаж байгаа хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн байх. Үүнд:
    1. Цахилгаан багаж, машиныг өөрөө задалж ямар нэгэн засвар хийхгүй байх.
    2. Цахилгаан багажны утаснаас барих, багажны эргэлдэх хэсэгт хүрэхгүй байх.
    3. Машиныг бүрэн зогссоны  дараа  үйлчилгээ цэвэрлэгээ хиях.
    4. Цахилгаан машин багажыг цахилгаан сүлжээнд залгаатай нь болон хараа хяналтгүй орхихгүй байх.
  3. Техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ
    1. Цахилгаан машин тоног төхөөрөмжийг газардуулсан байх.
    2. Цахилгаан дамжуулах утсыг аюулгүй ажиллагааны дагуу монтажласан байх.
    3. Тэсрэмтгий агуулдаг байр, савны орчимд цахилгаан хум үүсэх буюу цахилгаан утсыг хөрвүүлэхээс зайлсхийх.
    4. Бага хүчдэл хэрэглэх.
    5. Хамгаалах таслалт, хориг түгжээ, хамгаалах төхөөрөмж, урьдчилан сэргийлэх (анхааруулах, хориглох, зөвшөөрөх, сануулах) плакатууд хэрэглэх.


No comments: