Цахилгаанаас хамгаалах хэрэгсэл нь цахилгаан тоног төхөөрөмжтэй харьцаж ажилладаг хүнийг цахилгаан гүйдэл, нум, соронзон оронд өртөхөөс хамгаалахад зориулсан хэрэгсэл юм. Цахилгаанаас хамгаалах хэрэгслүүдийг зориулалтаар нь тусгаарлах, хааж хориглох, туслах гэж хуваана.
· Тусгаарлах хамгаалах хэрэгсэл нь хүнийг цахилгаан тоног төхөөрөмжийн хүчдэлтэй хэсэг, мөн газраас тусгаарлахад зориулагдана. Энэ төрлийн хамгаалах хэрэгсэлд тусгаарлах ба хэмжүүрийн штанг, түр хугацааны зөөврийн газардуулга тавих штанг, тусгаарлах ба хэмжүүрийн бахь, хүчдэл заагуур, монтёрын багаж хэрэгслийн тусгаарлалтай бариул, тусгаарлах резин бээлий, бойтог, шаахай, резинэн дэвсгэр зам, гишгүүр, тусгаарлах өмсгөл, бүтээлэг, тусгаарлах шат зэрэг хэрэгсэл багтана. Тусгаарлах хамгаалах хэрэгслийг үндсэн ба нэмэгдэл гэж хуваадаг.
Үндсэн хамгаалах тусгаарлах хэрэгсэл гэж тэдгээрийн тусламжтайгаар хүчдэлтэй байгаа гүйдэл дамжуулах хэсэгт хүрэхийг зөвшөөрдөг, ажлын хүчдэлийг найдвартай тусгаарлах хамгаалах хэрэгслийг хэлдэг.
Нэмэгдэл хамгаалах тусгаарлах хэрэгсэл гэж тухайн хүчдэлд ажилтны аюулгүй ажиллагааг дангаараа хангаж чадахгүй бөгөөд үндсэн тусгаарлах хэрэгсэлд нэмэлт арга хэмжээ болгож хэрэглэх тусгаарлах хамгаалах хэрэгслийг хэлнэ.
· Хааж хориглох хамгаалах хэрэгсэл нь цахилгаан тоног төхөөрөмжийн гүйдэл дамжуулах хэсгийг түр хугацаагаар хаах хэрэгслийг хэлнэ. Энэ төрлийн хамгаалах хэрэгсэлд зөөврийн хаалт, самбар, хашилт хийх олсон татлага, зөөврийн газардуулга, мөн урьдчилан сэргийлэх плакат багтана.
· Туслах хамгаалах хэрэгсэл нь ажилтныг өндрөөс унахаас хамгаалах бүс, дүүжин, өндөрт авирах үед аюулгүй ажиллагааг хангах авирах дөрөө, шат, мөн гэрлийн, дулааны, механик болон химийн үйлчлэлээс хамгаалахад зориулагдсан нүдний хамгаалах шил, ажлын тусгай хувцас, бээлий, хорт хийнээс хамгаалах баг зэрэг хамгаалах хэрэгсэл юм.
1000 В хүртэл хүчдэлд дараах хамгаалах хэрэгслүүдийг ашиглана. Үүнд:
1. Үндсэн тусгаарлах хамгаалах хэрэгсэл нь:
· Диэлектрик резинэн бээлий
· Тусгаарлах бариултай монтёрын багаж
· Хүчдэл заагуур
· Тусгаарлах бахь
2. Нэмэгдэл тусгаарлах хамгаалах хэрэгсэл нь:
· Диэлектрик бойтог, шаахай
· Диэлектрик дэвсгэр, зам
· Тусгаарлах гишгүүр
1000 В – оос дээш хүчдэлд дараах хамгаалах хэрэгс-лүүдийг ашиглана. Үүнд:
1. Үндсэн тусгаарлах хамгаалах хэрэгсэл нь:
· Тусгаарлах штанг
· Гүйдэл хэмжих бахь (клещи)
· Хүчдэл заагуур
· Тусгаарлах бахь
2. Нэмэгдэл тусгаарлах хамгаалах хэрэгсэл нь:
· Диэлектрик бээлий
· Диэлектрик бойтог
· Резинэн дэвсгэр, зам
· Шаазан тусгаарлагч гишгүүр
Зөөврийн газардуулга нь цахилгаан дамжуулах шугам, тоног төхөөрөмжийг тэжээлийн үүсгүүрээс нь таслан ажил гүйцэтгэж байх үед алдаа гаргаж хүчдэл өгөх тохиолдлоос хааж хориглох хамгаалах хэрэгсэл юм. Зөөврийн газардуулга нь гүйдэл дамжуулах хэсгүүдийг хооронд нь богино холбох ба түүнийгээ газардуулна. Зөөврийн газардуулга тавих, авах үйлдлийг тусгаарлах бээлий, бойтог өмсөн тусгаарлах дэвсгэр, эсвэл гишгүүр дээр зогсож тусгаарлах штангийн тусламжтайгаар гүйцэтгэнэ.
Цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэхэд ашигладаг хааж хориглох хамгаалах хэрэгслийн төрөлд хамаарагдах урьдчилан сэргийлэх плакат нь анхааруулах, хориглох, зөвшөөрөх, сануулах гэсэн 4 төрөл байдаг бөгөөд “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм“ – д заасан хэмжээ, хэлбэр, өнгө, таних дүрс, тэмдэг, тэмдэглэлтэй байна.
Ø Анхааруулах плакат нь ойртоход аюултай, хүчдэлтэй хэсэг байгааг анхааруулах зориулалттай бөгөөд байнгын ба зөөврийн гэсэн 2 янз байна. Байнгын анхааруулах плакатыг хураарилах байгууламж, дэд станц, таслуурын камерын хаалга, мөн агаарын шугамын тулгуур дээр бэхэлнэ. Зөөврийн анхааруулах плакатыг хаалт, эсвэл ажил гүйцэтгэж байгаа тоног төхөөрөмжийн дэргэдэх тоног төхөөрөмжид байрлуулдаг.
Ø Хориглох плакат нь зөөврийн плакат бөгөөд ажил гүйцэтгэж байгаа байр руу хүчдэл өгөх боломжтой таслуур, салгуур, удирдлагын түлхүүр, унтраалга, бариул, технологийн болон удирдлагын хий, шингэний шугам хоолойг хаасан хаалт, ажлын байрыг хязгаарласан хаалга, хаалт, хашилт дээр тавина.
Ø Зөвшөөрөх плакат нь зөөврийн плакат бөгөөд хуваарилах байгууламж, дэд станцын ажил гүйцэтгэхээр бэлтгэсэн ажлын байранд, мөн үйлдвэрийн байран доторх цахилгааны хуваарилах самбар, кабель шугам, цахилгаан хөдөлгүүр зэрэг тоног төхөөрөмжид ажил гүйцэтгэхээр бэлтгэсэн хэсэгт тавьж ажил гүйцэтгэгчид ажиллах байрыг нь зааж өгөх зориулалттай.
Ø Сануулах плакат нь мөн зөөврийн плакат бөгөөд ажилтанд аюулгүй ажиллагааны арга хэмжээ авсан тухай (газардуулга тавьсан тухай) сануулах зориулалттай.
No comments:
Post a Comment