- Галын аюултай бүтээгдэхүүн түүний ангилал
- Гал унтраах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж
- Галын аюулаас хамгаалах ажлыг зохион байгуулах дүрэм журам
- Галын аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтны үүрэг
- Гал түймрийн үед хүмүүсийг авран хамгаалах
1 Галын аюултай бүтээгдэхүүн түүний ангилал
Шаталт нь гэрэл (дөл), дулаан ялгаруулан
явагдаж байгаа химийн урвал юм. Исэлдэх процессийн явцад заавал дулаан ялгарч байдаг.
Гэхдээ бүх төрлийн исэлдэлт шаталтанд хүргэдэг гэж үзэж болохгүй. Бодисын шатах
процесс нь исэлдэлт, дөл гаргах, шатах гэсэн 3 үе шаттай явагддаг. Шатах бодисын
галын аюулын зэрэг нь дөл гаргах, оч авалцах температураар тодорхойлогдоно. Машин техник олширч, химийн үйлдвэрлэл өсөхийн хэрээр
галд өртөмхий материал, химийн бодисыг маш өргөн хэрэглэх болов. Шатдаг бодис гэдэг нь исэлдэлд явахын зэрэгцээ гэрэл, дулаан
ялгаруулах чадвар бүхий хий, шингэн, хатуу байдалтай бодис юм. Гал гарч болох
эх үүсвэрийг унтраах аргаас нь хамааруулж ерөнхийд нь 4 ангилдаг.
1.
“А” хувилбар буюу энгийн түлш. Үүнд: мод, цаас, кардон
цаас, пластик материалууд орох ба эдгээрээс болж гарсан галыг ихэвчлэн усаар
унтраадаг.
2.
“В” хувилбар буюу шатамхай шингэнүүд. Эдгээрт бинзен,
керосин, ба бүх төрлийн тос, тосолгооны материалууд орно. Эдгээрээс үүсэлтэй
галыг хөөсөөр унтраана.
3.
“С” хувилбар буюу цахилгаанаас үүдэлтэй гал. Үүнд
цахилгаан хэлхээ, цахилгаан утас болон бүх төрлийн цахилгаанаас үүдэлтэй гал
орох ба ийм галыг нүүрсхүчлийн ба хийн гал унтраагуур ашиглан унтраана.
4.
“D” хувилбар буюу шатамхай металууд. Үүнд магни, кали,
натри гэх мэт химийн бодисоос үүсэлтэй гал орно. Эдгээрээс үүдэлтэй галыг элс
ба химийн нунтагаар унтраана.
Шатах чанараар нь шатдаг,
тэсвэрлэн шатдаг, шатдаггүй гэж, төлөв байдлаар нь хий, шингэн, хатуу гэж
ангилдаг.
-
Хий 50оС-ын
үед абсолют даралт нь 300кП-аас их байх бодисыг хэлнэ.
-
Шингэн Хайлах
температур нь 50оС-аас ихгүй байх бодисыг хэлнэ.
-
Хатуу Хайлах
температур нь 50оС-аас их байх бодисыг хэлнэ.
-
Шатдаг бүтээгдэхүүн
Ердийн
нөхцөлд асаах эх үүсвэрээс бие даан асах чадвар бүхий бодис материалыг хэлнэ.
-
Тэсвэрлэн шатдаг бүтээгдэхүүн
Галын
үүсгүүрийг ойртуулах үед шатаад, түүнийг холдуулахад унтардаг бие даан асах
чадваргүй бодис материалыг хэлнэ.
-
Шатдаггүй бүтээгдэхүүн
Ердийн
нөхцөлд асах чадваргүй бодис материалыг хэлнэ.
Үүнээс гадна гал унтраах бодисуудыг дараах байдлаар ангилна. Үүнд:
1.
Гал унтраах аргаар нь:
а. Шаталтын голомтыг хөргөх:
ус, хатуу нүүрсхүчил цацах
б. Задлагч (шаталтын голомт
дахь хүчилтөрөгчийн орцыг багасгаж байгаа) нүүрсхүчлийн ба бусад инертийн хий, усны
уур, жижиг ширхэгт усан тоосонцор үүсгэх
в.Тусгаарлах
үйлчилгээтэй (агаарын хүчилтөрөгчөөс шатах гадаргууг тусгаарлаж байгаа) агаарын
механик хольцтой хөөс, хуурай нунтаг, элс, норгосон эсгий, уусмалууд хэрэглэх
г.
Зогсоох үйлчилгээтэй (химийн шатах урвалыг зогсоох үйлчилгээтэй): Галоид агуулсан
нүүрс устөрөгчийн хольц (N3,5,7,4НД фреонууд) ашиглах.
2. Цахилгаан
дамжуулах чадвараар нь:
а. Цахилгаан дамжуулдаг: ус, уусмалууд, усны уур, хөөс
б. Цахигаан дамжуулдаггүй: хий, нунтаг бодис
3. Хорт нэгдэл
үүсгэх чадвараар нь:
а. Хоргүй: ус, хөөс, нунтаг найрлага, элс
б. Бага хортой: нүүрсхүчлийн хий
в. Хортой: фреонууд, галоиджсон нэгдлүүд, N3,5,7 ба бусад
2 Гал унтраах техник
хэрэгсэл, тоног төхөөрөмж
Гал унтраах тоног төхөөрөмж, анхан
шатны багаж хэрэгсэл, дэвшилттэй аргуудыг эзэмшин хэрэглэж сурах нь галын аюулаас
хамгаалахад гол үүрэг гүйцэтгэнэ. Гал гарсан нөхцөлд аюулд бага өртөх, цаашид гал
түгж дэлгэрэхээс болгоомжилж дараах арга хэмжээг маш яаралтай авч хэрэгжүүлнэ. Үүнд:
·
Шатаж
байгаа орчноос исэлдүүлэх бодисыг аль болохоор түргэн зайлуулна. Ингэснээр агаарт
хүчилтөрөгчийн найрлага 15 хувиас буурахад гал аяндаа өөрөө унтарна
·
Шатах,
тослох материалыг гал түймрийн голомтоос зайлуулж гал түймрийг өргөжихөөс сэргийлэх,
энэ нь тодорхой тоног төхөөрөмж ашиглан тусгай сав руу юүлэх юмуу хэрэв бодис шатах
аюулд өртсөн бол савтай нь зайлуулах, хооронд нь салгах, хэрэв ойролцоо өрөөнд шатах,
тослох материал байвал тийшээ гал оруулахгүй байх, өрөөнөөс нь зөөж аюулгүй нөхцөлд
шилжүүлэх зэргээр хэрэгжүүлнэ
·
Шатамхай
орчны температурыг шаталт цаашид үргэлжлүүлэхгүй болтол бууруулах, үүний тулд төрөл
бүрийн бодис ашиглан дөл үүсэх температураас бага температурт хүргэх
·
Тэнд
байгаа эд хогшлыг зайлуулах, хүмүүсийг байрнаас гаргах, улмаар галыг бүр мөсөн унтраах
арга хэмжээ авна.
Гал унтраах
тоног төхөөрөмж, техник хэрэгслдийг дотор нь дараах бүлгүүдэд хуваадаг. Үүнд:
1.
Автомашин, мотопомпууд: автоцистерн, автонасос, хөөсөөр унтраадаг автомашин, нунтаг
бодисоор унтраах машин, автомат, автоөргүүр, зөөврийн ба чиргүүл хэлбэрийн мотопомпууд
2.
Гал түймэр унтраах төхөөрөмж: агаарын хольцын (галиод нүүрс-устөрөгчийн), шингэн
ба усны (шүршдэг ба бууддаг), хийн (нүүрсхүчлийн), уурын, нунтаг зүйлийн төхөөрөмж
гэх мэт
3. Гал унтраагуурууд: агаар-хөөсний, шингэний, нунтгийн,
нүүрсхүчил-бромэтилийн, нүүрсхүчлийн, химийн хөөсний гэх мэт
4.
Галаас хамгаалах дохиоллын төхөөрөмж: автомат ажиллагаатай (утаа гэрэл, дулаан,
ультра дуу, фотоцахилгаан, хосолсон), гар ажиллагаатай
5.
Гал түймрээс аврах төхөөрөмж: галын шат, аврах олс гэх мэт
6.
Галын төхөөрөмж: усны хоолойн шугамын (галын усны худаг, (гидрант) босоо яндан,
галын кран, насос), угсрах (холболтын хоолой, хөөсний генератор, хөөс хутгагч, галын
уян хоолой) гэх мэт
7.
Гал унтраах гар багаж: механик хөрөө, цахилгаан ба хийн алх, цахилгаан цүүц, гар
хөрөө, хүрз, жоотуу, лоом, дэгээ, сүх гэх мэт
8.
Галын хэрэгсэл: ус ба хөөс үүсгэгчийн торх, галын хувин, галын аюулгүй байдлын тэмдэг,
элсний сав, дөрвөн хөлтэй ширээ, асбестан даавуу, түймрийн краны шүүгээ, хаалт,
элс татах том хүрз гэх мэт.
Тухайн
обьектэд байх гал эсэргүүцэх техникийн нэрс, тэдгээрийн тоо, байршлын
бүдүүвчийг гал эсэргүүцэх хамгаалалтын түвшин, гал дэлбэрэн гарах онцлог, гал
унтраахад зарцуулах ус, бусад бодисын зарцуулалтын норм, гал гарсан газарт гам
командын хүрэлцэн очих хугацаанаас хамааруулан тогтооно. Мөн гал эсэргүүцэх
техник нь хийцийн хувьд тэсрэх болон галын аюултай, тэсрэх үйлдвэрлэлийн нөхцөл, обьект байгаа
газрын цаг агаарын байдал, орчны идэвхтэй нөлөөлөл, гадны чичигнэх үйлчлэл
зэрэгт тохирсон байна.
Гал түймрийг
унтраах
Ус бол
гал унтраах хамгийн өргөн дэлэрсэн хямд зүйл юм. Ус нь дулаан багтаамж ихтэй, халсан
зүйлийн богино хугацаанд хөргөж өөрөө дөл үүсгэх температураас нам болгох бололцоотой,
уе шүрших үед үүссэн уурын нөлөөгөөр шатаж байгаа зүйлийг агаараас зааглах хаалт
бий болж шаталтын идэвхи буурна. Гал түймрийн үед 1л ус ууршихдаа 260кдж дулаан,
1700л уур үүсгэнэ. Шатаж байгаа зүйл рүү усыг хүчтэй даралтаар шахахад ус механик
үйлчлэлийн улмаас шатаж байгаа биет болон гал руу гүн нэвтэрч орно. Ус гал түймэрт
нэрвэгдэхэд бэлэн болж байгаа барилга, байшин түүний хэсгүүд, эд хогшлийг норгож
улмаар галд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Усаар унтраахдаа хэрэв хатуу биет
шатаж байвал онилсон нарийн урсгалаар, хатуу болон ширхэглэг эд шатаж байвал тоосонцор
маягийн урсгалыг тус тус ашиглах нь илүү үр дүнтэй. Харин маш амархан хүчтэй дөл
гарган шатдаг зүйлс, нэгээс бага нягттай устай холилддогүй шингэнүүдийг усаар унтрааж
болохгүй. Асч байгаа бензиныг усаар унтраах гэвэл бензин усан дээгүүрээ хөвж шатсаар
байдаг. Металлын карбидууд устай химийн урвалд орж улмаар дэлбэрэх аюултай хий
(ацетилин, метан гэх мэт) үүсгэнэ. Халуун хайлмал металлыг хүчтэй усаар шүршихэд
түүнийг огцом хөргөж хэв гажилтанд оруулна.
Усаар
гал түймэр унтраах үйл ажиллагааны явцад ус гадаргуун таталцах хүч ихтэйг тогтоожээ.
Энэхүү чанар нь түүний нэвт норгох шинжийг бууруулж гал унтраах ажлын үр дүнг муутгадаг.
Иймээс усны гадаргуун таталцах хүчийг бууруулах, органик бодисын дотоод гүн рүү
нэвтрэх чадварыг нь дээшлүүлэхийн тулд усанд хөөс үүсгэх НО-1, сульфонал НП-1, сульфонал
НП-3, сульфонат НБ, некаль НВ зэрэг гадаргуун идэвхит бодисуудыг нэмж хэрэглэнэ.
Ингэснээр гал түймэр унтраах хурд 1,5-2 дахин өснө.
Ус бол
хамгийн хямд өргөн дэлгэр хэрэглэгддэг унтраах бодис боловч олон тооны химийн бодистой
урвалд орж устөрөгч
ялгаруулан их хэмжээтэй
дулааныг бий болгоно. Усаар гал унтраах
хэрэгслүүд 6-30м ба түүнээс их зайд ус цацах чадвартай бөгөөд үүний тулд гар болон механик ажиллагаатай шүрших
хошуунууд хэрэглэнэ. Усаар гал унтраах үед их хэмжээний талбайд эд хогшил, ялангуяа
цаасан материал норж цаашид ашиглах боломжгүй болдог муу талтай. Усыг цахилгаан
тоног төхөөрөмжийн гал, шүлтэт металлуудтай холбоотой гал түймрийг унтраахад хэрэглэж
болохгүй.
Галыг усаар унтраахад хэрэглэдэг
тоног төхөөрөмжүүд
- Гар ажиллагаатай
багаж хэрэгсэлд уян хоолой залгах холбовчууд, чиглүүлэгч хоолой (ствол) шүршигч
зэрэг орно.
- Механик төхөөрөмж, машин.
Усаар гал унтраах механик төхөөрөмж машинд зөөврийн ба хөдөлгөөнт мотопомпууд,
автонасос, автоцистерн орно. Харин ой хээр
гарсан түймрийг унтраахад усалгааны бороожуулах машин, газар шорооны (анжис, шуудуу
ухагч, экскаватор, скрепер, бульдозер, автобензин цэнэглэх төхөөрөмж) ба хөдөө аж
ахуйн зарим техникийг өргөн ашиглана.
- Усаар
гал унтраах суурин төхөөрөмж. Энэ нь автомат ба алсын удирдлагатай байдаг. Ийм төхөөрөмжийг галын онцгой
аюултай үйлдвэрүүдэд тавина. Дотор нь спринклерт ба дренчерт төхөөрөмж гэж хоёр
ангилна. Спринклерт төхөөрөмж нь гал гарсан өрөө тасалгаанд халалт үүссэнээс хойш 2-3 минутын дотор
бөглөө хайлж усаар цацаж эхэлдэг бол барилга байгууламжийн нийт талбайд ус цацахын
тулд дренчерт төхөөрөмжийг ашиглана.
Галыг химийн
бодисоор унтраах
Гал түймрийг унтраахад химийн бодис, холбогдох тоног төхөөрөмжийг
ашиглах явдал улам өсч байна. Химийн бодис дотор нүүрсхүчлийн давхар исэл ба инертийн
хий, галоид агуулсан нүүрс-устөрөгч (хор), нунтаг бодис, хөөс бусад бодисыг өргөн
ашиглана. Галыг химийн бодисоор унтраахад хэрэглэдэг тоног төхөөрөмжүүд
- Гар төхөөрөж
буюу гал унтраагуур. Эдгээрийг гал дөнгөж гарч эхэлж байхад юмуу гал хоорондоо
салж ноцож байгаа үед хэрэглэнэ. Гал унтраагуур буюу монголчууд бидний хэлж дадсан
галын хор нь дотроо хөөсний, хийн, хуурай нунтаг хор (ПСБ, ПС-1)-той гэж ангилагдана.
- Агаарын хөөсний ОВП-10 гал
унтраагуур нь ган гэр, түгжих-онгойлгох хэрэгсэл бүхий таг, хийн баллон,
агаар-механикийн хөөс хушуувч бүхий сифон хоолой зэргээс бүрдэнэ.
- Нүүрсхүчлийн гар ажиллагаатай
ОУ-2, ОУ-5, ОУ-8 гал унтраагуураар шатаж байгаа бүх төрлийн эд материалд гарсан
галыг унтраахад зориулагдсан өргөн хэрэглэгддэг гар төхөөрөмж бөгөөд энэ нь хоолойд
эрээсэн холбоогоор сифон хоолойг холбож хийсэн баллон юм. Ийм ажиллагаатай гал унтраагуурууд
нь цахилгаан тоног төхөөрөмжийн гал унтраахад илүү тохиромжтой. Усан ба нисэх онгоц,
автомашин, төмөр замын зүтгүүр зэрэг нь бүгд ийм хороор төхөөрөмжлөгдөнө.
3 Галын аюулаас
хамгаалах ажлыг зохион байгуулах дүрэм журам
Галын
аюулаас хамгаалах ажил нь гал гарахаас урьдчилан
сэргийлэх, гал гарсан тохиолдолд түүнийг түргэн хугацаанд унтраах нөхцлийг бүрдүүлэхэд
чиглэсэн иж бүрэн арга хэмжээ байдаг. Уг
ажил нь үйлдвэрлэлийн технологи ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд үйлдвэрлэлийн зураг
төсөл хийх, талбай орчинг төлөвлөх, барилга байгууламжийг байгуулах, тоног төхөөрөмжийг
угсрах, ашиглах бүхий л үе шатанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулагддаг.
УИХ-аас
1999 онд батлагдсан “Галын аюулгүй байдлын тухай” Монгол улсын хууль, бусад хууль,
Засгийн газрын тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайд, Гал түймэртэй тэмцэх газрын
даргын тушаалуудад галын аюулгүй байдлыг хангах, хэрэгжүүлэгч байгууллагын эрх зүйн
үндсийг тогтоох, галын аюулгүй байдлыг хангах талаарх нутгийн захиргааны болон аж
ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон
харилцааг тогтоох дүрэм, журмыг мөрдөж байна.
Технологи
ажиллагаа, агуулах, материал хадгалалтын галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг боловсруулахдаа инженер
техникийн ажилтнуудыг оролцуулан үйлдвэрлэлийн
цех, дамжлага ялангуяа гал гарч болзошгүй машин тоног төхөөрөмж нэг бүрийг ашиглах
дүрэм зааврыг боловсруулж хариуцан ажиллах хүмүүст таниулж мэдүүлсэн байна. Галын
аюулаас хамгаалах арга хэмжээ улсын хэмжээнд мөрдөх хууль, дүрэм, заавраас гадна
тухайн байгууллагын онцлогт тохирсон ялгавартай байх тул тэнд ажиллаж байгаа ажилчин
нэг бүр үйлдвэрийн цех, тасаг, дамжлагын шугам, ялангуяа өөрийн ажлын байрны галын
аюулгүйн шаардлага, дүрэм, журмыг бүрэн биелүүлж, химийн бодис, материалын галын
шинж чанар, үйлдвэрлэлийн ажиллагааны явцад болзошгүйгээр машин тоног төхөөрөмж
дээр гарсан галыг унтраах, гэнэтийн тохиолдлоор тэсэрч дэлбэрэх аюул гарахад түүнээс
өөрийгөө болон ажлын байр, машин тоног төхөөрөмжөө хамгаалах бүрэн чадвартай байна.
Аливаа үйлдвэр аж ахуйн газрууд
галын аюулаас хамгаалах арга хэмжээг өөрийн байгууллага дээр зохион байгуулахдаа
дараах чиглэлийг баримталбал зохино. Үүнд:
·
Барилга, байшин, дулаан агааржуулалт, гэрэлтүүлэгийн систем,
технологийн ба цахилгааны машин төхөөрөмж,
агрегатуудад ашиглалтын явцад гал гарах, тэдгээрийг шатахаас хамгаалах
·
Болзошгүй гал түймэр,
дэлбэрэлт тархах нөхцөл, шалтгааныг арилгах. Үүний тулд барилга, тоног төхөөрөмж, агуулахын хооронд галаас хамгаалахад хүрэлцээтэй хэмжээний зай талбай
гаргах, цехэд ашиглах шатах, тослох материалыг хязгаарлах, өрөө тасалгаануудын хооронд
галын аюулаас хамгаалах хаалт барих, барилгын
хонгил, галын аюулаас хамгаалах зай талбайд шатах тослох материал хадгалахыг хориглох
зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
·
Гал түймэр гарах, улмаар барилга, байгууламжийн талбайгаар
тархах үед тэнд байгаа хүмүүсийг өрөө тасалгаанаас аюулгүй гаргах, нүүлгэн шилжүүлэхэд
шаардлагатай нөхцөл, тоног хэрэгслээр хангах
·
Нэгэнт гал гарсан үед түүнийг зохион байгуулалттайгаар
аюулгүй унтраахад хүн хүч, багаж, тоног хэрэгслийг бэлтгэх. Үүний тулд гал гарсан
үед ашиглах усны эх үүсвэр, нөөцийг бий болгох, барилгын гадна, дотор тал орцуудад гал түймрээс хамгаалах шатыг заавал хийж
байрлуулсан байх, барилга түүний өрөө тасалгаанд
галаас хамгаалах дохиоллын систем тавих, гал түймрийн тухай шуурхай мэдээлэх холбооны
хэрэгслэлээр хангах, инженер - техникийн ажилтан, ажилчдад гал түймрээс хамгаалах
тухай сургалт явуулах, байгууллагын хэмжээнд гал түймэртэй тэмцэх шуурхай хэсгийг
зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанууд орно.
4 Галын аюулгүй
ажиллагаа хариуцсан ажилтны үүрэг
Байгууллагын галын аюулгүй ажиллагаа
хариуцсан ажилтан дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
·
Галын аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй ажилчин
албан хаагчийг ажилд оруулахгүй байх
·
Үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, байгууллагын технологи ажиллагааны
онцлогийг тусгасан галын аюулгүй ажиллагааны заавар боловсруулж түүгээрээ ажилчин,
албан хаагч, инженер - техникийн ажилтнуудад сургалт явуулах. Үйлдвэрлэл, аж ахуйн
нэгж, байгууллагын цех, тасаг, салбар нэгж, мастерын газар, барилгын салбар, агуулах,
автобааз зэрэг тухайн байгууллагад харьяалагдах нэгж, салбарын ажиллагаанд галын
аюулгүй байдлыг хангахгүй байгаа зүйлүүдийг цаг тухайд нь арилгах, улсын гал түймэртэй
тэмцэх газар, байгууллагын галын аюулгүй ажиллагааны комиссоос өгсөн зааварчилга, дүрэм, журмыг байгууллагын
хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
·
Үйлдвэр, байгууллагын ажиллагааны явцад галын аюулгүй байдлыг
зөрчсөн илрэл гарах тохиолдол бүрийг тухайн
хэсэг, машин, төхөөрөмж, хариуцсан хүнээр арилгуулж, галын хор холбогдлын
талаар инженер - техникийн ажилтан, ажилчдад тайлбарлаж байх
·
Ажилчин, албан хаагчид, инженер - техникийн ажилтнуудад,
сайн дурын нөхөрлөлийн гишүүдтэй галын аюулгүй ажиллагааны талаар үе үе ярилцлага зохиож, гал унтраах анхан шатны багаж,
төхөөрөмжийг ашиглаж чадаж байгаа эсэхийг шалгаж, зааж сургаж байх
·
Үйлдвэрлэлийн цех, тасаг, нэгж салбарууд гал унтраах анхан
шатны багаж төхөөрөмжөөр хангагдсан байдлыг үе үе шалгаж, хэрэв тэдгээр нь дутуу
бол гүйцээлгэх, эвдрэл гэмтэлтэй бол засч янзлуулах, галын аюулын дохиоллын систем
утсан холбоо, гал унтраах хөдөлгөөнгүй хадгалагдах зүйлүүд бүрэн бүтэн эсэхийг тухай
бүр шалгаж, хэрэв дутагдал илэрвэл үйлдвэр, байгууллагын захиргаа, галын аюулаас
хамгаалах байгууллагын хариуцсан хүмүүст яаралтай мэдэгдэж шаардагдах арга хэмжээг
авах
·
Түүхий эд, материал, бэлэн ба хагас бэлэн бүтээгдэхүүн,
барилгын материалын хадгалалтыг шалгаж, өрөөний даац, багтаамжаас хэтрүүлэн хадгалах,
галын аюулаас хамгаалах зай талбай, ажлын байранд дээрх зүйлүүдийг бөөгнөрүүлэн
овоолохыг болиулж, үйлдвэр байгууллагын байр, агуулахын ариун цэврийн горимыг чанд
сахиулах
·
Цахилгаан багаж хэрэгсэл, дулаан, агааржуулалтын аппарат
төхөөрөмжид тогтоосон хугацаанд үзлэг хийж, тэдгээрийг бүрэн бүтэн байлгах, хэрэв
дутагдал илэрвэл тухайн цех, тасгийн ажлыг зогсоож бүрэн арилгуулах
·
Засварын газар, засвар хийж байгаа машин тоног төхөөрөмжид
амархан шатдаг хий, шингэнийг ашиглагч оч, дөл гаргах үйлдэл гагнуур хийж байгаа
тохиолдолд байнгын хяналт тавьж, хэрэв уг ажиллагаа гал гаргах аюулд хүргэхээр бол
даруй зогсоох буюу холбогдох хамгаалалт, багаж хэрэгсэл ашиглаж явуулах нөхцөл бүрдүүлэх
·
Технологийн ажлын шаардлагаар оч үсэргэх, дөл гаргах үйлдэл
хийж байгаа ажилчинд тухай бүрд ззаварчилга өгч санамсаргүй, гэнэтийн зөрчил гаргахгүй
байх нөхцөлийг бүрдүүлэх
·
Ажилчдын тамхи татах, хоол унд хийх байрыг үйлдвэрлэл явуулж
байгаа өрөө тасалгаанаас тусгаарлах, тамхины иш хаяхад зориулсан тодорхой хаяг бүхий
устай сав тавих, уг өрөөнд ус, элс, холбогдох багаж хэрэгслийн хамт ямагт бэлэн
байлгах
·
Ажил эхлэх ба дууссаны дараа тухайн хэсгийн галын аюулгүй
ажиллагааг хариуцсан хүмүүсээр ажлын байр, өрөө, тасалгаануудын галын аюулгүй байдлыг
шалгуулж, хаалга, цонхыг хаасан, гэрэл цахилгааныг тасалсан эсэхэд үзлэг явуулж
илэрсэн дутагдлыг холбогдох хүмүүсээр нь арилгуулах
·
Агааржуулалтын тоног төхөөрөмжийн бохирдлыг тухай бүр цэвэрлэж,
тос, лак, будгийн үлдэглийг арилгуулах, энэ тухайгаа журналд заавал тэмдэглэж байх
·
Хүмүүсийн нүдэнд ил харагдах газар галын аюулгүй ажиллагааг
хариуцсан хүмүүс, сайн дурын нөхөрлөлийн гишүүдийн эргүүл, жижүүр хийх, мөн ажил
үүргийн хуваарийг бичиж хадуулаад биелэлтэнд нь хяналт тавих
·
Үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, шинэчлэж
боловсронгуй болгох тохиолдолд галын аюулгүй ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх, холбогдох
дүрэм, журмыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж бүх шаардлагыг хангасан тохиолдолд
ажил үйлчилгээнд оруулах.
Галын аюулаас
хамгаалах асуудлыг хариуцсан ажилтан түр хугацаагаар байхгүй байх, ээлжийн амралт
авах зэрэгт байгууллагын удирдагчийн тушаалаар орны хүнийг заавал томилон ажиллуулна.
Цех, тасаг, машин техник нэг бүрт байвал зохих галын аюулгүй
байдлаас урьдчилан сэргийлэх багаж төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгах, хэрэв
төхөөрөмжөөс гал үүсэх нөхцөл илрэх үед түүнийг мэдээлэх боломжгүй хэмжүүрийн багажийг
солих буюу засч бүрэн бүтэн байлгана. Үйлдвэрийн удирдлага, галын ба хөдөлмөрийн аюулгүй
ажиллагаа хариуцсан ажилтан, цех, тасгийн дарга, инженер - техникийн ажилтнуудтай
хамтран болзошгүй галын үед түүнийг унтраах, хүн ам, материал баялгийг хамгаалах
нарийн төлөвлөгөө график гаргаж бэлэн болгосон байна.
5 Гал түймрийн
үед хүмүүсийг авран хамгаалах
Аль ч
барилга байгууламж гал гарсан үед хүмүүсийг барилгаас гаргаж галын аюул, хорт хий,
уурын үйлчлэлд өртүүлэхгүй байх боломжоор хангагдсан байх ёстой. Барилгын орц, гарц,
шат, хонгилын хэмжээг тооцоолохдоо уг байгууллагад хичнээн хүн ажилладаг, шаардлагатай
тохиолдолд хэн хаашаа шилжиж гадагш гаргах зэргээс хамааруулан тогтооно.
Нүүлгэн шилжүүлэх зам
дараах байдлаар зохион байгуулагдана.
Үүнд: нэгдүгээр давхраас гадагш хонгил, гэгээвч, шат дамжин гарах бөгөөд бусад давхраас
мөн л шатаар бууж гарна. Эмх замбараагүй байдал үүсгэхгүй, шахцалдахгүй байхын тулд
гэгээвч, хонгилд зохион байгуулагдаж хаалгаар гарах бөгөөд хаалга зай багтаамж муутай
бол нэг, хоёрдугаар давхрын цонхоор гарч болох авч цонх онгойлгоход түүгээр агаар
орж гал түймрийг улам бадраах тул цонхыг аль болохоор онгойлгохгүй байвал зохино.
Гал түймрийн үед хүмүүсийг барилгаас гаргах, нүүлгэн шилжүүлэхийн гол үр дүн уг
барилгаас гарах хичнээн зам байна вэ гэдгээр тодорхойлогдоно.
Үйлдвэр,
албан газрууд төсөлд тусгагдсан ёсоор баригдсан өрөө, тасалгаа хаалтнаас гадна дур
зоргоороо хаалт хийх, өрөө гаргах, хонгилуудыг хааж онгойхгүйгээр түгжих, цоожлох,
гал унтраагуурыг хүн хүрэхээргүй өндөр газар юмуу далд байрлуулах, цоожтой өрөөнд
хадгалах зэрэг нь галын аюулгүй ажиллагааны шаардлагыг ноцтой зөрчиж байгаа хэрэг
юм. Ийм тохиолдолд болзошгүй гал түймрийн үед бэрхшээл учирч улмаар олон арван хүн
гал түймэрт нэрвэгдэж болохыг ямагт анхаарах хэрэгтэй.
- Үйлдвэрлэл хөгжсөн орнуудын туршлагаас үзэхэд гал түймрийн үед хүмүүсийг аврах замын температурын хамгийн их хэмжээ 600С-ээс ихгүй, агаар амьсгалах боломжтой, утаа зам харагдахуйц хэмжээнд байхаар тогтоосон байдаг. Хүмүүсийг гал түймрийн үед байрнаас гаргах хүний хурд 16 м/мин, шатаар буух хурд 10 м/мин, өгсөх бол 8 м/мин гэж үзэж хүмүүсийг шилжүүлэх шаардлагатай замын урт буюу гарц хүртэлх зайн хэмжээг тогтооно. Хүмүүсийг гаргах хонгилын өргөн тэдгээрийн зэрэгцэн явах урсгалын нягтаас хамаарч 10-12 хүн/м2, хаалга, шатны нэвтрүүлэх чадвар 1,5м өргөнд 50 хүн/мин, 1,5-2,4м өргөн бол 60 хүн/мин байна. Нүүлгэн шилжүүлэх замын гарц хүртэлх өргөний 0,6м тутамд 100 хүн оногдохоор бодож амархан шатдаг, тэсрэлт, дэлбэрэлт үүсэж болзошгүй нөхцөлд хүмүүсийг 1-2 мин, утаатай боловч онцгой идэвхитэй бус түймрийн үед 5-6 минутад бүрмөсөн гаргасан байх ёстой. Тооцоо ёсоор 0,53м өргөн хонгилоор 2,5 минутад 100 хүн нэг чиглэлд шилжиж болно. Энэ нь хамгийн бага тохиолдлоор авсан хэмжээ бөгөөд тэр болгон мөрдөгдөхгүй. 100 хүнийг 2,5 минутад нүүлгэн шилжүүлэхийн тулд хонгилын өргөн 0,762м байх ёстой. Нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэхийн тулд 30 хүн тутамд 0,15м өргөн болгох шаардлагатай. 10м ба түүнээш дээш өндөртэй барилга байгууламжаас хүмүүсийг шилжүүлэхийн тулд барилгын гадна талд төхөөрөмжилсөн төмөр шат заавал байлгадаг юм. 10-30м өндөр барилгад 0,6м өргөн босоо шат, 30 метрээс дээш өндөртэй үед 800-аас илүүгүй налалттай 0,7м өргөнтэй 8м тутамдаа тавцантай шат тавьж өгнө.
No comments:
Post a Comment