Хүн цахилгаан гүйдэлд санамсаргүй
өртөх явдал элбэг тохиолддог боловч цөөн тохиолдол нь цахилгааны осолд хүргэдэг.
Цахилгааны ослын дотор амь үрэгдүүлсэн тохиолдол бага хувь эзлэх бөгөөд 140-150
мянган тохиолдлоос нэг амь үрэгдүүлсэн осол гардаг гэсэн статистикийн мэдээ байдаг.
Цахилгаан гүйдэлд цохиулж амьдын шинж тэмдэггүй болсон хүн
удаан хугацаанд клиник үхлийн байдалд байдаг нь олон тооны судлаачдын дүгнэлт, амьдралаар
тогтоогдсон байна. Ийм учраас цахилгааны осолд орсон хүнд анхны тусламж яаралтай
үзүүлэх ёстой.
Цахилгаан гүйдэлд өртсөн хүнд үзүүлэх анхны тусламж нь 2 үе
шаттай байна. Үүнд:
1.
Осолдогчийг
цахилгаан гүйдлээс чөлөөлөх
2.
Эмнэлгийн
анхны тусламж үзүүлэх
Цахилгаан гүйдэлд өртөөд
байгаа хүний биед шууд хүрэх нь аюултай тул аврагч өөрийгөө цахилгааны ослоос урьдчилан
сэргийлэх арга хэмжээ авна.
Цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчийг
гүйдлээс чөлөөлөх хамгийн энгийн зөв арга нь
цахилгаан сүлжээ, тоног төхөөрөмжийг таслуураар нь таслах явдал юм. Цахилгааныг
таслах үед цахилгаан гэрэл унтарч харанхуй болох тул бусад төрлийн гэрлийн үүсгүүр
бэлтгэх ёстой. Хэрэв цахилгаан гүйдлээс таслах аппаратны тусламжтайгаар
чөлөөлөх боломжгүй бол бусад аргыг хэрэглэх бөгөөд энэ нь тоног төхөөрөмжийн хүчдэлээс
хамаарч олон янз байна.
1000 В хүртэл хүчдэлтэй тохиолдолд
хуурай мод, пластмасс зэрэг тусгаарлагдсан бариултай хурц иртэй сүх, хүрз, хутга
зэрэг зүйл, бахиар утсыг нэг нэгээр нь тасална. Мөн осолдогчийн хуурай хувцаснаас
нь татаж салгаж болно. Харин чийгтэй нойтон хувцас эсвэл газардсан металл зүйлд
хүрч болохгүй. Хэрэв хүний биед зайлшгүй хүрэх шаардлагатай бол диэлектрик бээлий
өмсөх буюу хуурай материалаар (хүзүүний ороолт, өөрийн хуурай
хувцас зэрэг)
гараа ороож барина. Мөн осолдогчийн биеийг хүрэм, цув зэрэг хуурай даавуун материал,
резинэн дэвсгэрээр бүтээж барьж болно. Хамгийн найдвартай арга нь аврагч резинэн
шаахай өмсөх, эсвэл ямар нэгэн гүйдэл дамжуулдаггүй хуурай модон банз, гишгүүр,
резинэн дэвсгэрийг ашиглаж өөрийгөө газар буюу гүйдэл дамжуулдаг шал, сууринаас
тусгаарлах явдал юм. Хэрэв нэрвэгдэгч хүчдэлтэй дамжуулагчийг гараараа атгаж зуурсан
байвал гүйдлээс чөлөөлөгч хуурай мод, банз, диэлектрик дэвсгэр ашиглах буюу шаахай
өмсөж шалнаас тусгаарлагдах ба диэлектрик бээлий өмсөж осолдогчийн гарын хурууг
нэг нэгээр нь тэнийлгэж атгасан дамжуулагчаас чөлөөлнө. Осолдогчийн бие дээр унасан
гүйдэл дамжуулах утсыг хуурай модон саваа, банз, бусад гүйдэл дамжуулдаггүй зүйлээр
өлгөн авч холдуулан чөлөөлж болно.
1000 В – оос дээш хүчдэлтэй тохиолдолд цахилгаанаас хамгаалах хэрэгсэл ашиглах дүрмийн шаардлагыг бүрэн
хангаж, өөрөөр хэлбэл диэлектрик бээлий, бойтог өмсөх ба тухайн тоног төхөөрөмжийн
хүчдэлд тохирох тусгаарлах штанг эсвэл бахь хэрэглэж осолдогчийг гүйдлээс чөлөөлнө.
Хүчдэлтэй гүйдэл дамжуулах хэсэгт хүрчихээд
байгаа хүнийг гүйдлээс чөлөөлөхийн тулд фазыг газардуулах буюу богино холбох замаар
цахилгаан тоног төхөөрөмжийн автомат таслалт хийнэ.
1000 В – оос дээш хүчдэлтэй цахилгаан
тоног төхөөрөмж нь автомат таслалтын найдвартай, хурдан ажиллагаатай реле хамгаалалттаар
тоноглогддог учир дээрх арга сайн үр дүнтэй. Харин сүлжээний фазыг газардуулах
буюу богино холбох энэ үйлдэл нь өөрөө их аюултай. Тийм учраас энэ аргыг
бусад арга хэрэглэх боломжгүй үед л хэрэглэнэ.
Орчин үеийн эмнэлэг цахилгаан
гүйдэлд хүнд нэрвэгдсэн хүнийг сэхээн амьдруулах бүх төрлийн боломжтой ч гэсэн осол
гарсан газар анхны тусламжийн бүх төрлийн хэрэгсэлтэй эмч богино хугацаанд ирэх
магадлал бага юм. Тийм учраас цахилгаан техникийн бүх ажилтан цахилгаан гүйдэлд
нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны (эмч иртэл) тусламж үзүүлж чаддаг байх зайлшгүй
(дүрэмд заасан) шаардлагатай.
Эмнэлгийн анхны тусламж
үзүүлэх нь осолдогчийн биеийн байдлаас хамаарч өөр өөр байна.
Цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчийн
биеийн байдлыг тодорхойлохын тулд осолдогчийг дээш харуулан хэвтүүлж амьсгал
ба зүрхний үйл ажиллагаа хэвийн эсэхийг шалгана.
Амьсгалын
үйл ажиллагаа хэвийн байвал цээж ба өрц тодорхой, жигд хэмнэлтэй хөдөлж амьсгалах
чимээ (эрүүл хүн нэг минутанд 18-20 удаа амьсгалдаг) сонсогдоно. Хэрэв цээж, өрцөнд
амьсгалын хөдөлгөөн алга болж, амьсгалах чимээ сонсогдохгүй, нүүр ам хөлөрсөн шинж
тэмдэг илэрч байвал амьсгал зогсох (апноэ) аюул нөмөрч байгаа тул яаралтай зохиомол
амьсал хийх шаардлагатай.
Зүрхний ажиллагааг
шалгахын тулд юуны өмнө гүрээний артерийн судас лугшиж байгаа эсэхийг шалгаж үзнэ.
Хэрэв зүрх зогссон бол судас лугшихгүй, мөн дээд зовхийг сөхөн нүд рүү гэрэл тусгахад
хүүхэн хараа нарийсахгүй, томорсон хэвээрээ байх ба нүүр хөхөрч, үнсэн саарал өнгөтэй
болно. Хэрэв зүрх зогссон бол 4-5 секундийн хугацаанд осолдогч дууны ба хүрэлцэх
цочролд хариу урвал өгөхгүй, гөлгөр байдалд орж ухаан алдана.
Осолдогчийн биеийн байдлыг
цаг алдалгүй маш хурдан хугацаанд
(15-20 секунтэнд) тодорхойлж дараачийн сэхээн амьдруулах ажиллагаанд шилжих
хэрэгтэй.
Цахилгаан гүйдэлд хүн нэрвэгдсэн
бүх тохиолдолд осолдогчийн биеийн байдлыг харгалзахгүйгээр эмч дуудна.
Нэрвэгдэгч
ухаан алдаад сэхсэн, ухаангүй боловч амьсгалын болон зүрхний үйл ажиллагаа тогтвортой
байгаа бол түүнийг хуурай дэвсгэр дээр хэвтүүлэн хувцасны товчийг тайлж амьсгалахад
саадгүй болгох, цэвэр агаараар амьсгалах боломж бүрдүүлэх, биеийг илж дулаацуулах,
онц шаардлагагүй хүмүүсийг холдуулж осолдогчийг тайван байлгах арга хэмжээ авна.
Ухаангүй байгаа нэрвэгдэгчид нашатырын
спирт үнэрлүүлэх, нүүрийг
нь хүйтэн усаар шүрших, биеий нь үрж дулаацуулах зэрэг ухаан оруулах арга
хэмжээг авна. Хэрэв нэрвэгдэгч ухаан алдаад сэхвэл 15-20 дусал валерьяны ханд өгч
халуун цай (ус) уулгах хэрэгтэй.
Цахилгаан
гүйдэлд нэрвэгдсэний дараа гаднын гэмтлийн шинж тэмдэг байхгүй боловч аажимдаа осолдогчийн
биеийн байдал муудаж болзошгүй тул ямарч тохиолдолд түүнийг тайван байлгаж хөдлөх,
ажлаа үргэжлүүлэхийг хориглоно. Хэрэв осолдогчийн зүрх, амьсгал зогссон ухаан алдсан,
амьд хүний шинж тэмдэггүй болсон байвал сэхээн амьдруулах тусламжийг яаралтай цаг
алдалгүй үзүүлэх хэрэгтэй. Зохиомол амьсгал, зүрхний иллэгийг осолдогч өөрөө бие
даан тогтвортой амьсгалах, зүрхний үйл ажиллагаа бүрэн сэргэх буюу эмнэлгийн ажилтанд
хүлээлгэн өгөх хүртэл тасралтгүй хийнэ. Зохиомол амьсгал, зүрхний иллэгийг 3-4 цаг,
зарим тохиолдолд 10-12 цаг тасралтгүй хийсний үд дүнд цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчийг
сэхээн амьдруулж байсан тохиолдол олон байдаг.
No comments:
Post a Comment