- Хамгаалах газардуулга
- Нойтлуулга
- Хамгаалах таслалт
- Цахилгаанаас хамгаалах хэрэгсэл
- Цахилгаан гүйдэлд нэрвэгдэгчид үзүүлэх анхны тусламж
Цахилгаан тоног төхөөрөмжид ажиллаж
байгаа хүнийг цахилгааны аюулаас хамгаалах арга хэмжээг 2 бүлэг болгон хуваадаг.
1. Цахилгаан тоног төхөөрөмжийн ажлын хэвийн горимд
аюулгүй ажиллагааг хангах. Үүнд гүйдэл дамжуулах хэсгийг тусгаарлах буюу хүн хүрэхээргүй
болгох, аюулгүй ажиллагааны хориг түгжээ хэрэглэх, цахилгаан сүлжээг газраас тусгаарлах,
газардлагын гүйдлийн багтаамжийн бүрдүүлэгчийг компенсацлах, хамгаалах холболт хийх,
бага хүчдэл хэрэглэх, тусгаарлах тавцан хэрэглэх, потенциалыг тэгшитгэх арга хэмжээнүүд
хамаарагдана.
2. Цахилгаан тоног төхөөрөмжийн аваарын
горимд (цахилгаан тусгаарлал гэмтэх, эвдрэх, гүйдэл дамжуулахад зориулагдаагүй
хэсэгт хүчдэл шилжих гэх мэт) аюулгүй ажиллагааг хангах. Үүнд хамгаалах газардуулга,
нойлтуулга, хамгаалах таслалт, давхар тусгаарлал, өндөр хүчдэлийн нам талд шилжихээс
хамгаалах зэрэг хамгаалалтын арга хэмжээнүүд хамаарагдана.
Цахилгаан тоног төхөөрөмжийн төрөл,
саармагийн горим, номиналь хүчдэл зэрэг тэжээлийн нөхцөл, хүрээлэн байгаа орчны
болон үйлдвэрлэлийн технологийн зэрэг ашиглалтын нөхцлөөс хамааруулан цахилгааны
аюулгүй ажиллагааг хангах цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
1 Хамгаалах газардуулга
Газар болон
түүний эквиваленттай зориудын цахилгаан холболт
бий болгохыг газардуулга гэх ба газардуулалт нь цахилгаан тоног
төхөөрөмж дээр ажиллагсдыг цахилгаан гүйдэлд нэрвэгдэх, цахилгааны осол
аваараас хамгаалах хамгаалалт юм.
Газардуулгыг
байгалйн ба хамгаалах газардуулга гэж 2 ангилдаг. Байгалийн газардуулгад газартай байнга
нягт холбоотой байдаг барилгын төмөр бетон болон үйлдвэрлэлийн хийц
ордог бол хамгаалах газардуулга гэдэг нь цахилгаан тоног төхөөрөмжийн хүчдэлтэй болж болзошгүй,
гүйдэл дамжуулахад зориулагдаагүй төмөрлөг хэсгүүдийг газар буюу түүний эквиваленттай
зориудын цахилгаан холболт бий болгохыг хэлнэ. Газардуулгад цахилгаан
машин, аппарат, трансформатор, гэрэлтүүлэгчийн их бие, хуваарилах самбар, шүүгээний
яс төмөр, кабелийн холбох муфт, металл хийц, цахилгаан дамжуулах утасны металл хоолой
зэрэг гүйдэл дамжуулахад зориулагдаагүй боловч тусгаарлал гэмтсэний улмаас хүчдэлтэй
болж болзошгүй металл хэсгүүдийг хамааруулна.
Газардуулгын
байгууламж гэж газардуулагч ба газардуулгын дамжуулагчаас бүрдсэн хийцийн
нэгдлийг хэлнэ. Газардуулагч гэдэг нь газар болон түүний эквиваленттай сайтар
холбогдсон металл дамжуулагчуудын нэгдлийг хэлнэ. Газардуулгын дамжуулагч
гэдэг нь цахилгаан тоног төхөөрөмжийн газардуулах хэсгийг газардуулагчтай холбосон
дамжуулагч юм. Хэрэв газардуулгын дамжуулагч 2, түүнээс дээш салаатай байвал түүнийг
газардуулгын магистрал дамжуулагч гэнэ.
Газардуулагч ба газардуулагдаж байгаа
тоног төхөөрөмжийн харилцан байрших байдлаараа газардуулгын байгууламж нь алслагдсан ба хүрээ гэж хоёр янз байна.
·
Алслагдсан газардуулгын байгууламжийн
газардуулагч нь газардуулагдаж байгаа цахилгаан тоног төхөөрөмжөөсөө тодорхой зайд
төвлөрөн байрлах бөгөөд тэдгээрт газардуулгын дамжуулагчаар холбогдоно. Алслагдсан
газардуулга нь хүрэх хүчдэлийн хэмжээ зөвшөөрөх хязгаараас ихгүй тохиолдолд аюулгүй
ажиллагааны шаардлагыг хангах бөгөөд газардуулгын байгууламжийн эсэргүүцэл нь бага
байх ёстой.
·
Хүрээ газардуулгын байгууламжийн
газардуулагч нь газардуулагдаж байгаа тоног төхөөрөмжийн орших талбай дотор хүрээ,
тор байдлаар байрладаг. Ийм учраас газрын хөрсний потенциаль нь тоног төхөөрөмжийн
их биеийн потенциальтай адил болж аюулгүй ажиллагааны нөхцлийг хангадгаараа онцлог
юм.
Газардуулагч нь байгалийн ба зохиомол гэж байна.
·
Байгалийн
газардуулагч нь төмөр бетон хийцийн арматур, яндан хоолой, кабелийн металл
бүрхүүл, худаг, цооногийн хамгаалалтын хоолой зэрэг газартай байнга нягт холбоотой
байдаг байшин, барилга, үйлдвэрлэлийн хийцийн цахилгаан гүйдэл сайн дамжуулдаг хэсгүүд
юм.
·
Зохиомол
газардуулагч гэдэг нь бусад зорилгоор ашиглагдаагүй, зөвхөн газардуулагч
болгон ашиглахаар бий болгосон металл хийцийг хэлнэ. Зохиомол газардуулагчийг ихэвчлэн
босоо электрод, тэдгээрийг хооронд нь холбосон хэвтээ электрод хэлбэртэйгээр хийдэг.
Хамгаалах газардуулгын хяналтыг
цахилгаан тоног төхөөрөмжийг шинээр угсарч ашиглалтад өгөх, их засвар хийх, өргөтгөж
шинэчлэх үед болон цехийн тоног төхөөрөмжийн хувьд жилд нэгээс доошгүй, дэд станцын хувьд 3 жилд нэгээс доошгүй удаа газардуулгын
байгууламжид хийнэ. Уг хяналтаар газардуулгын байгууламжийн гадаад үзлэг буюу газардуулгын
утасны хөндлөн огтлол, бат бөх, бүрэн бүтэн байдал болон газардуулагчийн эсэргүүцлийн
хэмжилт хийнэ. Газардуулагчийн эсэргүүцлийн хэмжилтийг жил бүр ээлжилж, тухайлбал
нэг жилд нь хамгийн хуурай хөрсөнд, нөгөө жилд нь хамгийн хөлдсөн үед хийнэ. Газардуулгын байгууламжийн болон хөрсний хувийн
эсэргүүцэл тодорхойлох тусгай зориулалтын М416, МС08, М1103 зэрэг багаж ашиглаж
болно. Мөн газардуулгын сүлжээний дамжуулагчийн эсэргүүцлийг М372 омметрээр хэмждэг.
2 Нойтлуулга
Нойлтуулга
гэж цахилгаан тоног төхөөрөмжийн хүчдэлтэй болж болзошгүй, гүйдэл дамжуулахад зориулагдаагүй
металл хэсгийг шууд газардуулсан саармагтай сүлжээний нойлын дамжуулагчтай зориудын
цахилгаан холболт бий болохыг хэлнэ. Нойлтуулгын бүдүүвч нь дараарх элементүүдээс
бүрдэнэ. Үүнд:
·
Нойлын
дамжуулагч. Энэ нь сүлжээний фаз их биед холбогдох үед
нэг фазын богино холбооны гүйдлээр найдвартай ажиллах боломжийг хангасан бага эсэргүүцэл
бүхий хэлхээ үүсгэх зориулалттай.
·
Тэжээлийн
үүсгүүрийн саармагийн газардуулга. Энэ нь сүлжээний
фаз газардсан үед нойлын дамжуулагчийн газартай харьцангуй хүчдэлийг бага байлгах
үүрэгтэй.
·
Нойлын дамжуулагчийн давтан газардуулга. Энэ нь нойлын дамжуулагчийн уртын дагуу
тодорхой зайд хийгдэх бөгөөд гэмтэл эвдрэлтэй
тоног төхөөрөмжийг таслахад нөлөө үзүүлэхгүй боловч сүлжээний хэвийн горимд
фаз их биед холбогдох болон нойлын дамжуулагч тасарсан үед нойлын дамжуулагч ба
нойлтуулагдсан тоног төхөөрөмжийн газартай харьцангуй хүчдэлийг бага байлгах үүрэгтэй.
3 Хамгаалах таслалт
Хамгаалах таслалт гэж хүн цахилгаан
гүйдэлд өртөх аюултай нөхцөл бий болсон үед цахилгаан тоног төхөөрөмжийг богино
хугацаанд автоматаар таслах хамгаалалтыг хэлнэ. Хамгаалах таслалтын байгууламжийн
үндсэн элементүүдэд хамгаалах таслалтын багаж ба гүйцэтгэх элемент буюу автомат таслуурууд
орно.
·
Хамгаалах таслалтын багаж нь өөрөө оролтын
хэмжигдэхүүнийг мэдрэх, түүний өөрчлөлтөөр ажиллах, тодорхой утганд таслуурт дохио
өгөх болон бусад хянах туслах элементүүдээс бүрдэнэ.
1. Датчик
нь оролтын хэмжигдэхүүнийг мэдэрч дараагийн элементэд тохиромжтой дохио болгон хувиргах
оролтын хэсэг юм. Датчик нь янз бүрийн реле, өсгөгчийн оролт, хэмжүүрийн трансформатор,
тэг дарааллын гүйдлийн фильтр зэрэг байна.
2. Өсгөгч
нь датчикийн гаргаж ирсэн дохио чадал багатай байвал түүнийг өсгөхөд зориулагдана.
Уг дохио гүйцэтгэх элементэд өгөгдөх болно. Зарим хамгаалах таслалтын багажийн хувьд
датчикийн гаралтын хэмжигдэхүүн хүрэлцэхүйц чадалтай байдаг тул өсгөгч хэрэглэх
шаардлагагүй.
3. Хяналтын
хэлхээ нь хамгаалах таслалтын бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хянахад
зориулагдсан хэлхээ юм.
4. Туслах
элементүүд нь цахилгаан тоног төхөөрөмжийн байдлыг тодорхойлох дохионы гэрэл,
хэмжүүрийн багаж зэрэг болно.
·
Гүйцэтгэх элемент нь хамгаалах
таслалтын багажаас дохио ирсэн үед цахилгаан тоног төхөөрөмж буюу сүлжээний хэсгийг
таслах автомат таслуур юм. Гүйцэтгэх элементийн үүргийг контактор, соронзон асаагуур,
автомат, хамгаалах таслалтын байгууламжид зориулагдсан тусгай таслуур, өндөр хүчдэлийн
(тосон, ваакум) таслуур гүйцэтгэнэ. Хэрэглэх хүрээ нь хязгааргүй юм. Орчин үед хамгаалах
таслалтыг сүлжээний тусгаарлалтын эсэргүүцэл тодорхой хэмжээнээс буурах, фаз их
биед холбогдох буюу газардах, хүчдэлтэй гүйдэл дамжуулах хэсэгт хүн хүрэх аюулгүй
ажиллагааг хангах зорилгоор өргөн хэрэглэж байна.
No comments:
Post a Comment